нүгэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашин. Шашны номлол дахь хориг цээрийг зөрчих нь
- 2.Ёс бус, муу явдал, гэмт хэрэг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нүгэл |
|---|---|
| Харьяалахын тийн | нүглийн |
| Заахын тийн | нүглийг |
| Өгөх орших тийн | нүгэлд |
| Гарахын тийн | нүглээс |
| Үйлдэхийн тийн | нүглээр |
| Хамтрахын тийн | нүгэлтэй |
| Чиглэхийн тийн | нүгэл лүү |
| Олон тоо | нүглүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нүглээ наманчлах — а.шашны хориг цээрийг зөрчсөндөө гэмшин буруугаа хүлээж залбирал үйлдэх; б.ёс бус хэрэг явдал үйлдсэндээ гэмшин уучлал эрэх
амьдын хар нүгэл — амьд явах насандаа хийж үл болох хилэнцэт үйл
арван хар нүгэл — биеэр үйлдэх гурав, хэлээр үйлдэх дөрөв, сэтгэлээр үйлдэх гурван муу хэрэг явдал
нүгэл тарих — ёс бус, муу хэрэг явдал үйлдэх
нүгэл хураах — а.ёс бус хэрэг олонтоо үйлдэх; б.гэмгүй хүнийг хардан хилсдүүлэх
нүглээ цагаатгах — ёс бус хэрэг хийснээ ухаарч гэмшин сайн үйл хийх
нүглээ эдлэх — муу хэрэг явдал үйлдсэнийхээ зэмийг амсан зовж зүдрэх
Хэлц үг
нүглийн сав дүүрэх — а.ёс бус хэрэг их үйлдэх; б.шилж. мөхөх цаг нь ойртох, ирэх
нүглийн нүдийг гурилаар хуурах — аливаа ажил хэргийг хийж гүйцэтгэхдээ оромдох, оронцоглох
нүгэл нь нүдээрээ гарах — ёс бус, муу хэрэг хийхэд гэм нь эргээд өөрт тусах
нүглийн хүүдий — нүгэлтэй юм
Үгүй одоо яана аа энэ Жалбуу чи ямар гээчийн нүглийн хүүдий чирч ирэх нь энэ вэ? Манай эндээс алга болсон бүх малын хулгайч Аянга боллоо (Б.Бааст, Гэрийн, хээрийн хоёр хар амт).
нүгэл нүдээ олох — гаж муу хэрэг хийвэл эцэстээ үйлийн үрээ өөрөө амсах
Нүгэл нь нүдээ олох цаг ирнэ ээ. Үйлээ эдэлж л таараа.
нүгэл сундлах — муугаар бодох, муу муухайгаа санах
Ичсэн хүн хүн алдаг гэдэг, харин би нүгэл сундалсан элдэв бодлоосоо ичихдээ уйлмаар байна (Л.Ожгоош, Илүү олгой).
↑ буян нүгэл хоёр шиг
Буян эзнээ танина
Нүгэл нүглээ дагана
Нүгэл буян хоёр
Эзнээ олж чадна
Нүгэл нүдээр
Чивэл чихээр
Нүгэл нь нүдээрээ гарна
Зүхэл нь үгээрээ болно
Нүгэл хийвэл зовуур үзнэ
Хулгай хийвэл ташуур үзнэ
Нүгэл хийж баяжихаар
Нүцгэн явсан нь дээр
Нүгэл хийсэн нүхэндээ багтахгүй
Нүдний ус наранд хатахгүй
Нүгэл хийсэн хүн
Нүүрээ буруулах нь олон
Нэр нэгтийн чих нэг
Нүгэл нэгтийн там нэг
Зүйр цэцэн үг
Нэр нэгтийн чих нэг
Нүгэл нэгтийн там нэг
Нүүрийн хөөг угаавал арилна
Нүглийн хөө үхэвч арилахгүй
Хоршоо үг
нүгэл буян — сайн болоод муу үйлдэл
нүгэл хилэнц — ялт муу хэрэг явдал
нүгэл чивэл — ёс бус үйлдэл, муу ёр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.